Зөрүүд орчлонг царайчилж дорой явсан үе бий
Цөхрөнгөө баран уйлаад мөлхөж явсан ч үе бий
Хөрсөн хүнээс хайр гуйж сөгдөж явсан өдөр бий
Хөгийн хүний аманд ороод багтарч явсан үе бий
Би гэхдээ босч чадсан эх хүн
Царайчлах тусам дарладаг хорвоогийн зовлонг тэссэн
Барайж суухын оронд гараад зүтгэхийг илүүд үзсэн
Хараад уйлахаа болиод би хаяад өөрөө гарч явсан
Хямраад бодоод л байхаа больж бүхнийг хаяж сурсан
Би тэгэхээр ялж чадсан ээж хүн
Үрийнхээ төлөө гэж өдөр нь бодож шөнө зүүдлэхдээ
Үнэн л явна шүү гэж сэтгэлдээ бас тангараг өргөсөн
Өөр шигээ ядруухан нэгэн таарвал өглөг биш урам өгнө гэж
Өдөр бүр би хичээж суралцсан дээшээ тэмүүлсэн
Би тиймээс зүтгэж чадсан эмэгтэй хүн
Гайхуулах алдар гавьяагүй ч бахархах хэдэн үрсээрээ
Гийгүүлэх их хөрөнгөгүй ч дүүргэх их урам зоригоороо
Одоо байгаа бүхнээ сэтгэлдээ зурж мөрөөдсөн
Орчлонгийн хамгийн баян хүн би одоо жаргалтай хүн
Би одоо тансаглаж яваа эрхэм хүн
Сайныг харах нүдээр хорвоог харах ёстойг мэдсэн
Сайхныг магтах үгээр тархиа дүүргэх ёстойг мэдсэн
Саарыг заримдаа зүгээр хаяж мартах ёстойг ухаарсан
Санаа сэтгэлээ үргэлж амгалан байлгах хэрэгтэйгээ анзаарсан
Би одоо тайвширч яваа энгийн хүн
Халзан Морьт. Р. Отгонцэцэг.