Монгол айлын голомт бол хүний амьдралын хамгийн нандин төв. Тэнд хань ижлийн инээд үлдэнэ. Үр хүүхдийн анхны дурсамж бий болно. Ээжийн цайны үнэр, аавын бараа, ахмадын сургааль, гэрийн дулаан, хүний сэтгэлд насан турш мартагддаггүй тэр бүх зүйл тэнд шингэж үлддэг. Хүн хорвоогийн хаана ч явсан нэг л өдөр сэтгэл нь төрсөн гэрийнхээ дулаан руу буцаж очдог нь учиртай. Гал голомтоо ариун авч явна гэдэг гэрийнхээ дотор буй хүмүүсийн сэтгэлийг эвдэлгүй авч явахыг хэлдэг байсан болов уу. Ханийхаа нэр төрийг хамгаалах, үр хүүхдийнхээ өмнө муу үг үлдээхгүй байх, гэрийн босгыг хов жив, хэрүүл, хорсолд эзлүүлэхгүй байх, ахмадынхаа ерөөлийг хүндэтгэж, үрийнхээ ирээдүйд зөв үлгэр үлдээх. Айлын хийморь эд хөрөнгийн их багаас илүү хүмүүс нь нэгнийгээ яаж авч явдгаас бүтдэг юм шиг. Нэг гэрт хамтдаа амьдран, нэгнээ хайрлаж байж болно. Гэхдээ хүндлэлгүй бол тэр хайр удаан тэсэхэд хэцүү. Хайр бол сэтгэл хөдөлж, санаж, тэмүүлж, тэврэхийг хүсдэг мэдрэмж буй. Харин хүндлэл гэдэг хайртай хүнийхээ дэргэд өөрийнхөөрөө байх эрхийг нь хэвээр үлдээж чаддаг ухаан юм. Түүнийг өөрийн бодолд тааруулах гэж эвдэхгүй, өөрийн хэмжүүрээр хэмжиж багасгахгүй, амьдралыг нь хянах гэж оролдохгүй. Харин тэр хүний бодол, хүсэл, мөрөөдөл, дотоод ертөнцөд өөрийн гэсэн орон зай байдгийг хүлээн зөвшөөрнө. Хайртай хүнээ өөртөө ойр байлгахын тулд барих биш, өөрийнхөөрөө байхад нь хүртэл сэтгэл амар дэргэд нь үлдэж чадна гэдэг нь их ухаан. Хүндлэл байгаа газар хоёр хүн нэг нэгнийгээ засаж янзлах зүйл мэт хардаггүй. Харин нэгэн насны замд зэрэгцэн яваа тусдаа хоёр ертөнц гэж хардаг. Нэгнийхээ шийдвэрийг сонсоно, бодлыг нь үл тоомсорлохгүй, хөдөлмөрийг нь “угаасаа хийх ёстой” гэж өөдгүй загнахгүй. Хүний дэргэд олон жил амьдарлаа гээд түүний үнэ цэнийг таньж дуусчихсан мэт аашлахгүй. Хань гэдэг танил болсон хүн биш, он жил бүр өөрчлөгдөж байгаа амьд хүн учраас дахин дахин таньж, дахин дахин сонсож явах хэрэгтэй болдог. Хайр заримдаа догдлолтой, заримдаа дөлгөөн байна. Харин хүндлэл тэр хоёрын хоорондох зайг хамгаалж байдаг. Хүн нэгнийгээ эзэмшиж биш, үнэ цэнтэйд тооцож хамт амьдардаг болдог. “Чи миний хүн” гэдэг үг хүртэл “чи надад харьяалагдана” гэсэн утгагүй, “чиний амьдрал миний сэтгэлд нандин” гэсэн утгатай болдог.