Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
Та бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй, эсвэл таныг бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдах үед төрдөг тэр мэдрэмжийг санаж байна уу?
Сэтгэл хөдлөлдөө автаж, бүхнийг эхнээс нь тайлбарламаар, өөрийгөө зөвтгөж, ойлгуулахын тулд уртаас урт мессеж бичмээр санагддаг тэр мөчийг хэлж байна.
Карл Густав Юнгийн өөрийгөө танин мэдэх, дотоод зөрчлөө ойлгох тухай үзэл санаанаас нэг чухал санааг авч үзье. Насанд хүрч, төлөвшинө гэдэг эмзэглэхээ болино гэсэн үг биш. Бид урьдын адил гомдож, шударга бус байдалд бухимдаж, өөрийгөө тайлбарлахыг хүсэж болно.
Харин жинхэнэ өсөлт өөрчлөлт нь эмзэг мэдрэмж төрсөн мөч болон түүнд хариу үйлдэл үзүүлэх хоёрын хоорондох тэр богинохон завсарт эхэлдэг.
Тэр үед өөрөөсөө нэг асуулт асуугаарай.
“Би үнэхээр ойлголцохын тулд тайлбарлах гэж байна уу, эсвэл бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө зөвтгөх гэж байна уу?”
Энэ хоёрын хооронд том ялгаа бий.
Юнгийн сэтгэл судлалын үүднээс бусдын зан үйлд бидний үзүүлж буй хүчтэй сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь өөрсдийн дотоод ертөнц, шийдэгдээгүй зөрчил, эмзэг цэгийг таних боломж болдог. Энэ нь бусдын буруу үйлдлийг зөвтгөж байгаа хэрэг биш. Харин бусдын үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийнхөө дотор юу болж байгааг анзаарах боломж юм.
Жишээлбэл, хамтач үзэлтэй, бусдын мэдрэмжийг анхаардаг хүн бусдыг шархлуулахгүй байхыг чухалчилж, өөрөө ч шархлахаас болгоомжилдог байж болно. Харин хувь хүний зорилго, үр дүн, бие даасан байдлыг илүү чухалчилдаг хүн бусдын эелдэг хандлагыг өөр өнцгөөс тайлбарлаж магадгүй.
Гэхдээ энэ нь хэн нэгний зөв, нөгөөгийн буруу гэсэн үг биш. Бид өөрсдийн үнэт зүйл, туршлага, хэрэгцээний өнцгөөс бусдыг ойлгодог. Хувь хүний зорилгод төвлөрч чаддаг байдал ч манлайлалд хэрэгтэй чанар байж болно. Харин бусдыг ойлгох, хамтран ажиллах чадвар мөн адил чухал.
Тиймээс бусдын хандлагыг өөрчлөх гэж яарахаасаа өмнө өөрийнхөө хариу үйлдлийг таньж сурах нь чухал.
Эмпатуудад өгөх 3 зөвлөмж
1. Шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр завсарла.
Таныг гомдоосон мессежид тэр дор нь хариу бичих албагүй. Урт тайлбар бичмээр санагдвал эхлээд тэмдэглэл дээрээ бичээд түр хадгалаарай. Өөрөөсөө:
  • Би яг одоо юу мэдэрч байна вэ?
  • Энэ нөхцөлд миний ямар хэрэгцээ хангагдаагүй байна вэ?
  • Би одоо хариу өгөх шаардлагатай юу?
гэж асуугаарай.
Заримдаа түр чимээгүй байх нь асуудлаас зугтаж буй хэрэг биш, харин өөрийгөө удирдаж буй үйлдэл юм.
2. Бусдын ойлголт, хүлээн зөвшөөрөлтөөс өөрийн үнэ цэнийг бүү хамааруул.
Таныг хүн бүр ойлгох албагүй. Та ч бас хүн бүрт өөрийгөө тайлбарлах үүрэггүй. Өөрийн үзэл бодол, сонголт, хил хязгаарыг тайван бөгөөд тодорхой илэрхийлэхэд хангалттай.
“Тэр намайг юу гэж бодох бол?” гэдгээс илүү “Би өөрийн үнэт зүйлдээ нийцсэн үйлдэл хийж байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай.
3. Бусдыг ойлгохын зэрэгцээ өөрийгөө ч бас ойлгож сур.
Эмпати гэдэг бусдын мэдрэмжийг үргэлж өөрийнхөөсөө дээгүүр тавих гэсэн үг биш. Бусдыг ойлгох, дэмжихийн зэрэгцээ өөрийн хэрэгцээ, мэдрэмж, хил хязгаарыг хүндэтгэх нь чухал.
Хэн нэгний сэтгэл хөдлөлийг ойлгож болно. Гэхдээ түүний бүх асуудлыг шийдэх үүрэг танд байхгүй. Хэн нэгний гомдлыг хүлээн авч болно. Гэхдээ өөрийгөө буруутгах шаардлагагүй.
Эцэст нь нэг зүйлийг санаарай.
Өөрийгөө ойлгуулах гэж хичээхээсээ өмнө өөрийгөө ойлго. Бусдыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өөрийнхөөрөө байх эрхээ ч бас хүндэтгээрэй.
Мэргэжлийн дүрээ хамтдаа бүтээе. Өөрийгөө таних аялалд тань CSM Network хамт байна.
Хүндэтгэсэн,
Админ нь...
1
0 comments
Anudari Mendbayar
4
Эмпатууддаа энэ өдрийн мэнд! 🌿
powered by
CSM NetW🟢RK
skool.com/tender-2614
🌿 CSM NetW🟢RK Community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дэмжлэгийн бүлгэм
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by