Хүн бүр өөр өөрийн ачааг үүрдэг. Энэ хорвоод зөвхөн би л зовж байна гэж эндүүрч болохгүй. Хэлэхгүй яваа ч хүн бүрт өөр өөрийн зовлон бий. Таныг зовж явахад өрөвдөх хүн ч байна, тавлах хүн ч байна. Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад бас мишээх өдөр заавал ирдэг. Тэвчээр, хатуужил, даруу зан, хөдөлмөр хүнийг амьдралын хүндийг давахад сургадаг. Туслаагүй хүнд ч гомдол бүү тээ.
Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, хэл амнаас болж жаргах ёстой цагаа тайван эдэлж чадахгүй үе байдаг. Таны жаргал зарим хүнд буруу мэт санагдаж, хорон үг, атаархлын бай болдог. Гэтэл жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Та түүнийгээ хүртэх бүрэн эрхтэй. Таны туулсан зовлонг мэдэхгүй хүн жаргалыг тань амархан олдсон мэтээр ойлгож, хуваалцахыг шаардах нь шударга бус. Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас тань булаалдах ёсгүй. Тиймээс ойлгохгүй хүнээс жаргал, зовлонгоо хоёуланг нь нууж яв. Ер нь хүнд өөрийгөө ойлгуулах батлах гэж амьдрах бол тэнэглэл юм билээ.